Зохиогчийн эрх

ЗОХИОГЧИЙН ЭРХ БА ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТАЛААР

Зохиогчийн эрхийн хууль тогтоомж нь хуулийн томоохон салбар болох оюуны өмчийн нэг хэсэг болдог. Өргөн утгаар бол оюуны өмч гэдэгт хүний оюуны үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээлийг ойлгоно. Оюуны өмчийн эрх нь зохиогчдод өөрсдийн бүтээлийн хувьд эд хөрөнгийн эрх олгох замаар тэдгээрийн эрх ашгийг хамгаалдаг.

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагыг байгуулах тухай конвенци нь (1967) оюуны өмчийн тодорхойлолтыг бий болгоогүй хэдий ч дараах зүйлүүд нь оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан гэдгийг тусгасан билээ. Үүнд :

  • Утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл
  • Уран бүтээлчдийн гүйцэтгэсэн тоглолт, фонограмм болон радио, телевизийн нэвтрүүлэг
  • Хүний оюун ухаанаа уралдуулдаг салбар бүрт хамаарах шинэ бүтээл
  • Шинжлэх ухааны нээлт
  • Бүтээгдэхүүний загвар
  • Бараа үйлчилгээний тэмдэг, бизнесийн нэр болон нэрлэл
  • Шударга бус өрсөлдөөний эсрэг хамгаалалт мөн “аж үйлдвэрийн, шинжлэх ухааны, утга зохиол, урлагийн салбар дахь оюуны үйл ажиллагааны үр дүнд бий болсон бусад бүх эрх “

Оюуны өмч нь нэгэн зэрэг тодорхойгүй хэмжээгээр дэлхийн аль ч өнцөгт биет хэлбэрт оруулах боломжтой мэдээлэл, мэдлэгийн төрлийн зүйлтэй холбогддог. Энэ тохиолдолд өмч гэдэг ухагдахуун нь тухайн материалын олшруулсан хувьд бус харин тэдгээрт агуулагдсан мэдээлэлд хамаарна. Оюуны өмчийн эрх нь зарим хязгаарлалттай байдаг онцлогтой байхаас гадна патент, зохиогчийн эрхийн хувьд тодорхой хугацаагаар хязгаарлагдсан байдаг.

Оюуны өмчийн хоёр салбар: Аж үйлдвэрийн өмч ба Зохиогчийн эрх

Аж үйлдвэрийн өмч нь олон хэлбэрээр илрэн гардаг. Үүнд шинэ бүтээлийг хамгаалах патент, бүтээгдэхүүний гадаад төрх байдлыг тодорхойлох гоо зүйн бүтээл болох бүтээгдэхүүний загвар зэргийг ойлгоно. Үүний хажуугаар аж үйлдвэрийн өмч гэдэг ойлголтод барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, интеграл бичил схемийн байршил, худалдааны нэр, нэрлэл,газар зүйн заалт ба шударга бус өрсөлдөөний эсрэг хамгаалалтыг багтаана.

Зохиогчийн эрх нь ном зохиол, хөгжим, уран зураг, уран баримал, кино урлагийн бүтээл болон компьютерийн программ, цахим мэдээллийн сан гэх мэт технологид тулгуурласан бүтээл зэрэг урлагийн бүтээлд хамаардаг. Англиас бусад европын ихэнхи хэлэнд зохиогчийн эрхийг (copyright), зохиогчийн эрх (autor*s rights) гэж томьёолдог. Copyright хэмээх нэр томьёо нь утга зохиол урлагийн бүтээлийн хувьд зөвхөн зохиогч нь эсвэл түүний зөвшөөрлөөр хийгдэх үндсэн үйлдэлд хамаардаг. Энэ үйлдэл нь бүтээлийг хуулбарлах үйлдэл юм. Тиймээс зохиогч нь өөрийн бүтээлийн хувьд зөвхөн өөрөө эдлэх зарим эрхүүдийг хүлээн зөвшөөрсөн явдал юм. (гажуудуулсан байдлаар бүтээлийг хуулбарлахаас сэргийлэх эрх гэх мэт.) бүтээлийн хуулбарлах гэх мэт бусад эрхүүдийг өөр этгээд эдлэх боломжтой байдаг. Үүний нэг жишээ нь зохиогчоос лиценз авсан хэвлэлийн байгууллага байж болох юм.

Шинэ бүтээлийн хамгаалалтаас  ялгаатай нь зохиогчийн эрхийн тухай хууль нь санааг өөрийг нь бус харин тухайн санааны илрэн гарсан хэлбэрийг хамгаалдаг юм. Шинэ бүтээл, утга зохиол, урлагийн бүтээл хоорондын үндсэн ялгаатай байдлаас шалтгаалж тэдгээрийн эрх зүйн хамгаалалт нь мөн л ялгаатай байна. Шинэ бүтээлийн хамгаалалт нь санааг ашиглах монополь эрх олгодог учраас ихэвчлэн 20 жил байх ба богино хугацааны хамгаалалт байдаг. Түүнээс гадна тухайн шинэ бүтээл нь хамгаалагдсан тухай нийтэд мэдэгдсэн байх шаардлагатай.

Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл

Зохиогчийн эрхийн хамгаалалтын хувьд “утга зохиол урлагийн бүтээл” гэдэг ойлголтод утга зохиолын болон урлагийн чанараас үл хамааран зохиогч бүхий аливаа эх бүтээлийг хамааруулна. Тухайн бүтээлийн санаа нь өвөрмөц байхыг шаардахгүй бөгөөд гагцхүү илэрхийлсэн хэлбэр нь зохиогчийн өвөрмөц бүтээл байхыг шаарддаг. Бернийн конвенци нь эдгээр бүтээлүүдийн жишээ болгож дараах зүйлүүдийг жагсаасан байдаг. Үүнд:

  • Ном товхимол болон бусад бичмэл зохиол
  • Лекц, хэлсэн үг, номлол болон ийм төрлийн бусад бүтээл
  • Жүжгийн ба хөгжимт-жүжгийн зохиол
  • Бүжгийн бүтээл болон үггүй жүжиг
  • Хөгжмийн үгтэй ба үггүй жүжиг
  • Кино зураг болон түүнтэй ижил аргаар бүтээсэн бүтээл
  • Зураг, уран зургийн,уран барилгын,уран баримлын зураасан зургийн ба чулуун\модон\ барын бүтээлүүд
  • Гэрэл зургийн ба түүнтэй ижил аргаар үйлдсэн бүтээлүүд
  • Хавсарга урлагийн бүтээл,номын зураг,газрын зураг, төлөвлөгөө,үлгэрчилсэн зураг, газар зүй, байр зүй, уран барилгын болон шинжлэх ухааны бусад салбарт холбогдох гурван хэмжээст бүтээлүүд
  • “Эх бүтээлийн зохиогчийн эрхийг зөрчихгүйгээр эх бүтээл хэмээн хамгаалагдах орчуулсан, өөрчлөн найруулсан, хөгжмийн найруулга\аранжировк\ болон бусад утга зохиол, урлагийн бүтээлийг өөрчилсөн бусад хэлбэр”
  • “Эмхтгэл, цуглуулгын нэг хэсэг болох эх бүтээл бүрийн зохиогчийн эрхийг зөрчихгүйгээр хамгаалагдах нэвтэрхий толь, эмхтгэл зэрэг доторх агуулгыг сонгох, байрлуулах нь оюуны бүтээлч үйл ажиллагаа болох утга зохиол, урлагийн бүтээлийн цуглуулга

Зохиогчийн эрх гэдэгт хоёр төрлийн эрхийг хамааруулдаг. Эд хөрөнгийн эрх нь эрх эзэмшигч түүний бүтээлийг бусад этгээд ашигласнаас санхүүгийн шан харамж авах боломжийг олгодог. Эдийн бус баялгийн буюу амины эрх нь зохиогч болон түүний бүтээл хоорондын хувийн чанартай хэлхээ холбоог хадгалах зарим үйлдэл хийх боломжийг олгоно. Ихэнх зохиогчийн эрхийн тухай хуулиудад зохиогч, эсвэл эрх эзэмшигч нь бүтээлд холбогдох зарим үйлдлийг зөвшөөрөх, эсвэл хориглох эрхтэй гэж заасан байдаг.

Бүтээлийн эрх эзэмшигч нь дараахь үйлдлүүдийг зөвшөөрөх, эсвэл хориглох эрхтэй байна:

  • Хэвлэмэл бүтээл эсвэл дуу авианы бичлэг гэх мэт олон төрлийн хэлбэрээр хуулбарлах
  • Хулбарласан хувийг түгээх
  • Нийтэд танилцуулах
  • Радио телевизээр нэвтрүүлэх зэрэг бусад хэлбэрээр нийтэд хүргэх
  • Түүнийг бусад хэлэнд орчуулах
  • Туужийг сценари болгох зэрэг өөрчлөн найруулах

Эрхийн хязгаарлалт

Эхний хязгаарлалт нь зарим төрлийн бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй байх явдал юм. Зарим улс орнуудад бүтээлийг биет байдлаар хэлбэржүүлээгүй бол хамгаалалтаас хасдаг. Жишээ нь: бүжгийн бүтээлийг зөвхөн бүжгийн хөдөлгөөнийг цаасан дээр буулгах, эсвэл видео хуурцагт бичээгүй бол түүнийг хамгаалдаггүй.

Хязгаарлалтын хоёрдугаар төрөл нь хэвийн нөхцөлд зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авч үйлдэх үйлдлийг хуульд заасан зарим нөхцөлд зөвшөөрөлгүйгээр ашиглаж болох үйлдлүүдэд хамааралтай юм. Энэ төрөл дотор хоёр хэлбэрийн үндсэн хязгаарлалт байдаг. Үүнд: а. Үнэгүй ашиглалт буюу бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласны төлөө зохиогчид аливаа төлбөр төлөх үүрэг хүлээхгүй байх. болон б. Сайн дурын бус лиценз буюу бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласны төлөө зохиогчид төлбөр төлөхийг шаардах хэлбэр. Үнэгүй ашиглалтын жишээ болгон дараах зүйлүүдийг дурьдаж болно:

  • Зохиогчийн нэр болон эх сурвалжийг дурьдах болон ашиглалт нь шударга зохистой ашиглалттай нийцэх нөхцөлтэйгээр хамгаалагдсан бүтээлээс иш татах
  • Сургалтанд дүрслэх замаар бүтээлийг ашиглах
  • Бүтээлийг мэдээ дамжуулах зорилгоор ашиглах

Зохиогчийн эрхийн үргэлжлэх хугацаа

Зохиогчийн эрх эзэмшигчийн эрх нь ямар хугацаанд үргэлжлэхийг хуулиар тогтоосон байдаг. Зохиогчийн эрх үргэлжлэх хугацааг бүтээл туурвиж дууссан цагаас, харин зарим үндэсний хууль тогтоомжид бүтээлийг биет хэлбэрт оруулсан цагаас эхлэн тоолохоор заажээ. Харин дуусах хугацаа нь ихэнхдээ зохиогчийн нас барсанаас хойш тодорхой хугацаанд үргэлжилдэг юм. Хуулийн энэхүү зааалтын зорилго нь зохиогчийг нас барснаас хойш түүний өв залгамжлагчид тухайн бүтээлийг ашиглуулснаас эдийн засгийн ашиг олох боломжийг бүрдүүлэхэд оршино.

Зохиогчийн эрхийг өмчлөх, эдлэх, шилжүүлэх

Бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигч нь ихэвчлэн тухайн бүтээлийг туурвисан этгээд буюу зохиогч  нь байдаг. Олон тооны улс орнуудын хууль тогтоомжид бүтээлийн анхны эрх эзэмшигч нь өөрийн эдийн засгийн эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй байхаар заасан байдаг. Харин эдийн бус баялгийн эрх буюу амины эрх нь зөвхөн зохиогчид хамаарах бөгөөд түүнийг шилжүүлэх боломжгүй юм. Тиймээс зохиогчид өөрийн бүтээлийн хувьд эдлэх эрхийг төлбөр авсаны хариуд тухайн бүтээлийг зах зээлийн эргэлтэд оруулах боломжтой хувь хүн, хуулийн этгээдэд шилжүүлэх боломжтой юм. Энэхүү төлбөр нь ихэнхдээ тухайн бүтээлийн бодит ашиглалтаас хамаардаг бөгөөд түүнийг роялти гэж нэрлэдэг. Зохиогчийн эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэх, эсвэл лицензлэх зэрэг хоёр хэлбэрийн аль нэгийг ашиглана.

Эрх шилжүүлэх тохиолдолд эрх эзэмшигч нь зохиогчийн эрхэд хамрагдах нэг, эсвэл зарим, эсвэл бүх эрхүүдэд хамаарах зарим үйлдлийг зөвшөөрөх, эсвэл хориглох эрхийг шилжүүлнэ. Эрх шилжүүлэх нь эд хөрөнгийн эрх шилжүүлж байгаа хэлбэр юм. Тиймээс бүх эрхийг шилжүүлсэн тохиолдолд шинээр эрх шилжүүлэн авсан этгээд нь зохиогчийн эрхийн шинэ эзэмшигч болох юм. Зарим улсуудад, хуулийн дагуу эрх шилжүүлэхийг зөвшөөрдөггүй бөгөөд зөвхөн лицензлэхийг л зөвшөөрдөг. Лицензлэх гэдэг нь зохиогчийн эрх эзэмшигч нь өмчлөгч хэвээр үлдэж,гагцхүү тодорхой хугацааны турш мөн тодорхой зорилгоор өөрийн эрхэд хамаарах үйлдэл үйлдүүлэхээр гуравдагч этгээдэд зөвшөөрөл олгохыг хэлнэ.

Харилцагч байгууллагууд

© 2019 он. naec.gov.mn. All rights reserved.