Дотоод журам

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв улсын төсөвт үйлдвэрийн газар (цаашид “Төв” гэх)-ын Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь  ажилчдын хөдөлмөрийг оновчтой, үр ашигтай зохион байгуулах, болон ажилтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, төрийн албан хаагчийг /ажилтан/ албан тушаалд томилох, албан тушаалаас түр болон бүр мөсөн чөлөөлөх, сэлгэн ажиллуулах, шилжүүлэх, шагнаж урамшуулах, тэтгэмж олгох, мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, мэдээлэх, хяналт тавих, үнэлэх, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажилтан, албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон хөдөлмөрийн харилцааг зохицуулахад оршино.

1.2.Төв нь өдөр тутмын үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, төвийн дүрэм болон бусад холбогдох хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.3. Төв нь  бэлгэдэл логотой  байна.

1.4. Төвийн тамгыг (тэмдэг) Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн  дарга түшнэ.

1.5. “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг тус төвийн нийт ажилтан, албан хаагчид дагаж мөрдөнө.

1.6.  Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг хамт олны хуралд танилцуулж, Захирлын дэргэдэх зөвлөлд 10 хоногт багтаан  хэлэлцэж, төвийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

1.7. Төв нь “Жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй байна.

1.8.  Ажилтан, албан хаагчид саналаа, шат дараалсан зарчмаар, ажлын байрны тодорхойлолтод заасан шууд харьяалах удирдлагаар дамжуулан холбогдох албан тушаалтанд хүргүүлнэ.

1.9. Төвийн албан хаагчид нь  авлигаас ангид, хүнд сурталгүй үйлчилгээг эрхэмлэн ажиллана.

ХОЁР. УДИРДЛАГА,  ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1. Төвийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар томилогдсон Захирал удирдана.

2.2. Захирлын дэргэд “Захирлын дэргэдэх зөвлөл” ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирлын тушаалар батална.

2.3 Захирлын эзгүйд /гадаад томилолт болон орон нутгийн томилолт/ Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга түр орлон гүйцэтгэгчээр ажиллана.

2.4 Захирлын эзгүйд шаардлагатай баримт бичиг дээр түр орлон гүйцэтгэгч  гарын үсэг зурж баталгаажуулах ба санхүүгийн баримт дээр гарын үсэг зурах эрхгүй болно.

2.5.  Төвийн нийт албан хаагчдын шуурхай хурал 7 хоног бүрийн даваа гарагын 14:00  цагт хуралдана.

2.6. Хэлтсийн дарга нар цаг үеийн үйл ажиллагаатай  холбогдуулан шууд удирдах ажиллагсдын шуурхай хурлыг зарлан хуралдуулж болно.

2.7.  Архивын болон албан хэрэг хөтлөлтийн журмыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн боловсруулж, захирлын тушаалаар баталж, төвийн хэмжээнд дагаж мөрдөнө.

ГУРАВ. АЖИЛ ОЛГОГЧ болон ажилчдын ЭРХ, ҮҮРЭГ

3.1. Ажил олгогч нь дор дурдсан эрх эдэлнэ.Үүнд:

3.1.1. Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам,  хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, төвийн үйл ажиллагааны жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд идэвхи санаачлага гаргаж ажиллах, ажлын цаг ашиглалт, хувийн зохион байгуулалтаа сайжруулах, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэхийг шаардах,

3.1.2. Албан хаагчдын  мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох,

3.1.3. Албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөдөлмөрийн хөлсний шатлалыг холбогдох хууль тогтоомж,  журмын дагуу тогтоон мөрдүүлэх,

3.1.4. Албан хаагчдын /ажилтан/ хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэлийг шударгаар үнэлж, шагнал, урамшууллыг холбогдох журмын дагуу олгох,

3.1.5.Тухайн жилд ажилтнуудын нийгмийн баталгааг хангах асуудалд зориулах хөрөнгийн хэмжээг тогтоох, ажилтан, албан хаагчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг, унаа, хоолны хөнгөлөлт үзүүлэх,

3.1.6. Хөдөлмөрийн гэрээгээ биелүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журам, бусад дагалдах журам, зааврыг зөрчсөн ажилтан, албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах,

3.1.7. Гүйцэтгэж буй ажлыг сайжруулах зорилгоор мэргэжилтнийг хэлтэс дотор болон хэлтэс хооронд сэлгүүлэн ажиллуулах, ажилтан, албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалингийн шатлалыг нэмэгдүүлэх,

3.1.8 .Албан хаагчийг албан томилолтоор ажиллуулах,

3.1.9. Монгол Улсын хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан бусад эрх эдэлнэ.

3.2. Ажил олгогч дор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд:

3.2.1. Төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрхэм зорилго, зорилтод нийцүүлэн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж мөрдүүлэх.

3.2.2. Ажилтан, албан хаагчийн хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, тэдний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тасралтгүй хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

3.2.3. Хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанар үр дүнг дээшлүүлэх арга хэрэгслийг нэвтрүүлэх, ажилтныг шаардлагатай ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас, техник тоног төхөөрөмжөөр хангах,

3.2.4. Хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалт, бүтээмжийн  байдалд хяналт тавих, ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих,

3.2.5. Албан хаагчийн хууль ёсны эрхийг хүндэтгэх, хуулиар хамгаалсан хувийн нууцыг задруулахгүй байх,

3.2.6. Хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, ажилтан, албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг шударгаар дүгнэх,

3.2.7. Ажилтан, албан хаагчид нөхөн олговор, хөнгөлөлт, тэтгэмж олгох асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх,

3.2.8. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлгэх ажлыг жил бүр зохион байгуулж, нийт ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах,

3.2.9. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж ажиллах нөхцлийг бүрдүүлэх.

3.2.10. Хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан бусад үүрэг хүлээнэ.

3.3. Ажилтан дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд:

3.3.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн ажлын байрны нөхцлийг  сайжруулах,

3.3.2. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль журам, захирамж шийдвэр, Хөдөлмөрийн дотоод журамд заасан хөнгөлөлт, хангамж эдлэх,

3.3.3. Ажилтан, албан хаагч ажлын байрны тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах.

3.3.4. Тухайн ажлын жилд нэг удаа ээлжийн амралтыг бүтнээр болон хэсэгчлэн биеэр эдлэх,

3.3.5. Хариуцсан ажил үүрэгтэйгээ холбоотой асуудлаар үзэл бодол, санал хүсэлтээ удирдлагад чөлөөтэй илэрхийлэх,

3.3.6. Ажилтан, албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг шударга бусаар үнэлсэн гэж үзвэл Удирдах дээд байгууллагад  гомдол гаргах.

3.3.7. Цалин хөлсөө нэмэгдүүлэх албан тушаал дэвших, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаа сайжруулах, шаардлагатай техник хэрэгслээр хангуулах, дотоод, гадаадын мэргэжлийн сургалтанд хамрагдах санал хүсэлтийг  ”Захирлын дэргэдэх зөвлөл”-д бичгээр гаргах.

3.3.8. Ажил үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил эрхлэх, мэргэжил эзэмших, сургалтанд хамрагдах,

3.3.9. Хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан бусад эрх эдэлнэ.

3.4. Албан хаагч /ажилтан/ дор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд:

3.4.1. Ажлын байрны тодорхойлолтын дагуу төвийн үйл ажиллагааны  төлөвлөгөөг хэрэгжүүлж, Монгол Улсын хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн хэм хэмжээг  чанд мөрдөж, удирдлагын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах,

3.4.2. Мэдлэг, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэн, эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагатай, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, гүйцэтгэл, үр дүнд хүрч ажиллах,

3.4.3. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхэд  шууд холбоотой хууль тогтоомж, журам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, дүрэм заавартай нарийвчлан танилцаж, мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллах,

3.4.4. Төвийн үйл ажиллагааны шаардлагаар  үндсэн ажлын зэрэгцээ өөр ажил үүргийг хавсран гүйцэтгэх, орлон гүйцэтгэх, ажлын байр сэлгэх, илүү цагаар ажиллах ба тэдгээрийн үр дүнг ажил олгогчид тайлагнах,

3.4.5. Төвийн өмч хөрөнгө, техник хэрэгслийг зөв,  зохистой ариг гамтай ашиглах, зарим хэрэглээнд тогтоосон хязгаарлалт (телефон, гар утасны нэгж, бензин, тослох материал, хүнс, бусад)-ыг хэтрүүлэхгүй байх, өрөө тасалгаа, ажлын байраа эмх цэгцтэй байлгах,

3.4.6. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар  ажлаас халагдах, чөлөөлөгдөх мэдэгдэл авсан албан хаагч нь хариуцсан ажил үүрэг, холбогдох баримт бичиг, материал, эд хогшлыг заасан хугацаанд томиглогдсон албан тушаалтанд зохих журмын дагуу хүлээлгэн өгөх,

            3.4.7. Төвийн болон улсын зардлаар сургалтанд хамрагдсан албан хаагч тухайн сургалтын талаар товч мэдээлэл бүхий тайланг Захирлын дэргэдэх зөвлөлд болон нийт хамт олондоо тайлагнах,

3.4.8. Албан хаагч /ажилтан/ хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа  очих боломжгүй болсон бол  ажлын цаг эхлэхээс  2  цагийн өмнө Захирал болон Хэлтсийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэнд мэдэгдэж, шалтгааныг нотлох баримтыг ажилд ирэхдээ хүний нөөцөд хүлээлгэн өгөх,

3.4.9. Үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдын  эрхийг дээдэлж, эелдэг харилцааг эрхэмлэн, санал, гомдол гаргахгүй ажиллах,

3.4.10. Монгол Улсын хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан бусад үүрэг хүлээнэ.

дӨРӨВ. Албан томилолт

4.1.Албан хаагч нь удирдах дээд байгууллага, Захирлын шийдвэрээр батлагдсан удирдамжийн  дагуу орон нутаг, гадаад улсад албан томилолтоор ажиллаж болно.

4.2.Томилолтын удирдамжийг томилогдсон ажил гүйцэтгэгч  боловсруулж, Захирлаар  батлуулснаар хүний нөөц хариуцсан мэргэжилтэн томилолтын хуудас олгоно.

4.3. Томилолтоос буцаж ирсэн өдрийн  маргааш өглөө ажилдаа заавал ирсэн байна.

4.4.  Албан томилолтоор ирж очихдоо нисэх онгоц, галт тэрэг, автозамын буудал руу төвийн унаагаар үйлчлүүлнэ.

4.5. Гадаадад томилолтоор явахдаа хамтран ажиллах байгууллагаас ирүүлсэн албан ёсны урилга, хөтөлбөр, ажлын удирдамж, хэлэх үг, танилцуулга, илтгэлийн хураангуй, зардлын төсвийн төслийг 5 хоногийн өмнө Захиралд танилцуулж тушаалаар баталгаажуулна.

4.6.Албан томилолтын тайланг улирал, жилээр хамт олны хуралд хэлтсийн дарга нар тайлагнана.

ТАВ. АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХ,  Ажлаас ЧӨЛӨӨЛӨХ

5.1. Ажил, албан тушаалд томилох

5.1.1.Албан хаагчийг ажил, албан тушаалд томилохдоо “Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын журам”-ыг баримтлах ба сонгон шалгаруулалтад тэнцсэн албан хаагчийг Захирлын  тушаалаар томилно.

5.1.2. Шинээр ажилд орсон албан хаагчийг 1-3 сар хүртэл хугацаанд тухайн албан тушаалд туршилтын хугацаагаар томилон ажиллуулна.

5.1.3. Туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид тус төвд үр бүтээлтэй ажиллаж чадахаа харуулсан албан хаагчийг үндсэн ажилтнаар томилно.

5.1.4. Гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг нь ашиглах зорилгоор ажилтантай Контрактын гэрээ байгуулан ажиллаж болно.

5.1.5. Хүний нөөцийн мэргэжилтэн нь шинээр орсон албан хаагчид төвийн бүтэц зохион байгуулалт, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх журам, албан тушаалын зэрэглэл, үндсэн цалингийн сүлжээ ба нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал, ажиллах нөхцөл, баталгаа зэргийг тайлбарлан танилцуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан байна.

5.1.6. Хөдөлмөрийн гэрээнд албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил үүрэг, үндсэн цалин, нэмэгдлийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, талуудын хүлээх эрх үүрэг, эд хөрөнгийн хариуцлага, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох буюу цуцлах үндэслэл зэргийг тусгах ба эрхлэх ажил үүрэг буюу ажилтны хувийн онцлогт нийцүүлэн бусад нөхцөл (Эмэгтэй хүний хөдөлмөр, насанд хүрээгүй, тахир дутуу, одой хүний болон ахмад настны хөдөлмөр г.м) -ийг тусгаж болно.

5.1.7. Тухайн ажилтны эрхлэх ажил, албан тушаалын онцлогийг харгалзан ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд дээрхи нөхцлөөс бусад нөхцлийг зааж болно.

5.1.8.   Төвийн үндсэн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй байна.

5.1.9 Албан ажлын зайлшгүй шаардлагаар үндсэн ажилтантай тохиролцож, өөр албан тушаалд тодорхой хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Сэлгэн ажиллуулах тухай шийдвэрийг тухайн ажилтанд ажлын 5 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

5.1.10. Энэ тохиолдолд Захирлын дэргэдэх зөвлөлийн хурал болон хүний нөөцийн мэргэжилтний шийдвэрийг үндэслэн  сэлгэн ажиллах ажилтныг тушаалаар томилно.

5.1.11. Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах тухай санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг гэрээнд заасан хугацаагаар дахин сунгагдсанд тооцно.

5.1.12. Ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болохоос нэг сарын өмнө ажил олгогч гэрээг цаашид сунгахгүй болсон тухай бичгээр мэдэгдэж, уг хугацаа дууссанаар талуудын эрх үүрэг дуусгавар болох бөгөөд талууд гэрээний хугацаа дууссан гэдгээс өөр үндэслэл шалтгаан тайлбарлах үүрэг хүлээхгүй болно.

5.1.13 Ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулсан ч ажлын үр дүнг харгалзан ажил олгогч уг гэрээг цуцлах эрхтэй.

           5.2.Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль, энэхүү журмын заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно.Үүнд:

5.2.1. Ажилтны эзэмшсэн мэргэжил, ажлын байранд тавигдах шаардлагад нийцэхгүй байх, мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь төвийн ур чадварын шалгалт, эрх бүхий байгууллагын шалгалт, тодорхойлолтоор тогтоогдсон тохиолдолд,

5.2.2.Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй (Мөнгөн буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан нь хариуцсан эд зүйлээс өөртөө болон бусдад хууль бусаар ашиглуулсан, завшсан, хэрэглэсэн, зээлдүүлэх нэрээр олгосон, үрэгдүүлж дутагдуулсан, албан үүргээ хайхрамжгүй хандсанаас тоо, чанарын хувьд дутаж, хорогдуулж муутгасан г.м) гаргасан нь тогтоогдсон тохиолдолд

5.3.Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох. Үүнд:

5.3.1. Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа үндсэн ажилтан өөр байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан давхар ажиллаж байгаа тохиолдолд,

5.3.2.Дотоод журамд тусгайлан заасан аливаа  ноцтой зөрчил гаргасан,

5.3.3. Захирлын тушаал, шийдвэр, журмыг дур мэдэн засварлан өөрчилж, захирлын  шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзсан,  татгалзахыг үндэслэлгүйгээр бусдыг уриалсан бол,

5.3.4.Ажлын байранд үйлчлүүлэгч болон хамтран ажиллах байгууллагын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, бусдад сөрөг нөлөөлөл үзүүлэх, тэдэнтэй хувийн сэдлээр хэрэлдэх, доромжлох, эрх чөлөөнд халдах,

5.3.5.“Захирлын дэргэдэх                                                                                                                                                                                                                                                                                                                           зөвлөл”- ийн шийдвэр, үйл ажиллагааны оновчтой санаачлага, үйл ажиллагааг үндэслэлгүйгээр эсэргүүцэх, саад учруулах, бусдад нөлөөлөх, турхирах,  үгсэн хуйвалдах, ажлын байранд эмх замбараагүй байдал бий болгох.

5.3.6. Төвийн болон удирдах ажилтан, ажиллагсдын нэр хүндэд шууд болон шууд бусаар халдах, аливаа шалгалтанд  зориуд болон зориуд бусаар хайнга хандаж төвийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх,

5.3.7. Албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, албан үүргээ биелүүлснийхээ төлөө харилцагч байгууллага, иргэнээс ямар нэг бэлэг, мөнгөн шагнал, шан харамж авах, авахаар шаардах, хөнгөлөлт, үйлчилгээ авах,

5.3.8. Ажлын байранд бэлгийн болон албан тушаалын дарамт үзүүлэх, ажлын байрны тодорхойлолтод зааснаас бусад ажил хийлгүүлэхээр шаардах,

5.3.9. Ажлын байранд согтуурч  мансуурах, архи, мансууруулах бодис хэрэглэх, архидах, мансуурах нөхцлийг бүрдүүлсэн бол,

5.3.10. Өөрийн болон бусдын хариуцсан эд хогшил, тоног төхөөрөмжийг төвөөс зөвшөөрөлгүй авч гарах, хулгайлах, бусдад шилжүүлэх, хувийн зорилгоор ашиглах, өндөр хүчин чадлын цахилгаан хэрэгслэлийг зөвшөөрөлгүй ашиглах,

5.3.11. Ажлын байранд улс төр, шашны болон шашингүйн үзлийн холбогдолтой аливаа ухуулга сурталчилгаа явуулах, зан үйл хийх, ажил олгогчийн зөвшөөрөлгүй аливаа сургалт, сурталчилгаа, худалдаа, хурал цуглаан зохион байгуулах,

5.3.12. Хүндэтгэх шалтгаангүйгээр 2 хоног ажил таслах, ажлын цагаас хожимдох, ажил тарахаас өмнө гарч нийт 16 цаг ажил тасалсан бол,

5.3.13. Байгууллага, хамт олон, ажилтан, хамтран ажилладаг байгууллагын болон үйлчлүүлэгчийн  нууцад хамаарах мэдээ, мэдээллийг хууль бусаар авах, хуурамч бичиг баримт ашиглах, хэвлэмэл хуудсыг хувийн зорилгоор  ашиглах, ашиглахыг завдах, хуурамч мэргэжлийн үнэмлэх, диплом, тусгай зөвшөөрөлгүйгээр тухайн ажил мэргэжил эрхлэх,

5.3.14. Төвийн дотоод үйл ажиллагааны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслэлд  Удирдлагын зөвшөөрөлгүйгээр сөрөг ярилцлага өгөх, сонин хэвлэлд бичих.

5.3.15. Ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа тухайн жил хангалтгүй биелүүлсэн бол,

5.3.16. Захирлын дэргэдэх зөвлөлөөс өгсөн  үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа хугацаанд нь биелүүлэхгүй байх,

5.3.17 Хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа явуулах.

5.4. Төвийн орон тоо хасагдсан, эрх бүхий дээд байгууллагаас ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд тэргүүн ээлжинд мэдлэг ур чадвар, дадлага туршлага, байгууллагад оруулсан хувь нэмрийг харгалзан ажилтныг ажил, албан тушаалд авч үлдэх бодлогыг баримтална.

5.5 Тус журмын 5.4-т заасан заалт хэрэгжих тохиолдолд үзүүлэлт тэнцүү ажилтнаас дараах ажилтан тухайн албан тушаалд үлдэх давуу эрх эдэлнэ. Үүнд:

5.5.1.Гэр бүлд нь хоёр болон түүнээс дээш насанд хүрээгүй хүн, хөдөлмөрийн чадваргүй этгээд хамт амьдардаг,

5.5.2.Гэр бүлд нь өөрөөс нь өөр хөдөлмөрийн чадвартай хүн байхгүй,

5.5.3.Тус байгууллагад  илүү олон жил тогтвортой ажилласан, үүнээс ажлын дэвшилттэй арга барил нэвтрүүлсэн, ажлын гүйцэтгэл сайн.

5.6.Ажилтан өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах.Үүнд:

5.6.1. Мэргэжилтэн өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа  харьяалах хэлтсийн даргаар уламжлан хүний нөөцийн мэргэжилтэнд нэг сараас доошгүй хугацааны өмнө бичгээр мэдэгдэнэ.

5.6.2.Ажлаас халагдах тухай өргөдөл өгсөн өдрөөс 1 сарын хугацаанд ажил олгогч нь ажилтантай тооцоо хийж дуусгах үүрэгтэй ба ажилтан хугацаа дуусахаас өмнө ажлаа орхих , хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс татгалзахыг хориглоно.

5.6.3.Өргөдлийн дагуу ажлаас чөлөөлөх Захирлын тушаал гарахаас өмнө гаргасан өргөдлөө буцаан татаж авч болно.

5.6.4 Хэрэв ажилтан өргөдлөөсөө татгалзахаас өмнө түүний оронд өөр хүнийг ажилд авахаар бичгээр тохиролцсон бол өргөдөл гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг тушаалаар цуцлана.

5.6.5. Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар гэрээ цуцлах хууль зүйн үндэслэл, шалтгаан, ажил хүлээлгэн өгөх, хүлээн авах ажлын хэсгийг томилж хугацааг тодорхой зааж өгнө.

5.6.6. Тушаалын нэг хувийг ажилтанд гардуулж өгөх ба уншиж танилцсан тухай гарын үсэг зуруулна.

5.6.7. Ажлаас чөлөөлөгдсөн буюу халагдсан ажилтан нь сүүлийн тайлангийн хугацаанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайланг холбогдох нэгжийн удирдлагад гаргах, хариуцсан ажил үүрэг, ажлын үнэмлэх болон албан хэрэгцээнд ашиглаж байсан эд зүйлийг холбогдох ажилтанд хүлээлгэж өгнө.

5.6.8. Санхүүгийн болон эд хөрөнгийн тооцоо, эрхэлж байсан ажлыг “Ажил хүлээлцэх  журам”-ын  дагуу хүлээцсэний дууссан тухайн өдөр тойрох хуудсыг үндэслэн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт үнэн зөв бичилт хийж ажилтанд хүний нөөцийн мэргэжилтэн хүлээлгэж өгнө.

 

зургаа.  АЖЛЫН ЦАГИЙН ГОРИМ, ЧӨЛӨӨ олгох ба ажил албан

тушаал хэвээр хадгалах, ээлжийн амралт, хүүхэд харах чөлөө олгох талаар

6.1 Ажлын цагийн горим.

6.1.1. Ажилтны долоо хоногийн ажлын цаг 40 цаг байна. Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна. Ажлын цаг  08.30 цагт эхэлж, 17.30 цагт дуусна.

6.1.2. Зуны улиралтай холбогдон Эрх бүхий байгууллагаас ажлын цагийн зохицуулалт хийж өөрчлөлт оруулах тушаал, шийдвэр, тогтоол нь тухайн хугацаандаа хүчин төгөлдөр бөгөөд 6.1.1, 6.1.3 дахь заалт тухайн хугацаанд хүчингүй байна.

6.1.3. Амрах, хооллох завсарлага 12.30-13.30 цаг хооронд байна.

6.1.4. Хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан 6 сараас нэг хүртэлх насны хүүхэдтэй, нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй, нэгдүгээр ангид сурдаг хүүхэдтэй эцэг, эхэд өөрийн хүүхдээ хүргэж өгөх авахад нь,  мөн хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд тус тус  1 цагийн засварлага нэмж олгоно.

6.1.5. Гурван нас хүртэлхи насны хүүхэд нь цэцэрлэгт явдаг нь үнэн болох тодорхойлолтыг үндэслэн албаг хаагчийг хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх, авахад  нь  өвлийн улиралд нийт 1 цаг хүртэлх чөлөөг шууд удирдах хэлтсийн дарга хэлтсийнхээ хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулан олгож болно.

6.1.6. Төвийн санаачлагаар ажилтны ажлын цагийг сунган ажиллуулсан тохиолдолд нөхөн биеэр амраана. Нөхөн амраах боломжгүй бол хуулинд заасны дагуу илүү цагийн хөлсийг олгоно.

6.1.7. Ажилтны ур чадвар муугаас, буруутай үйлдлээс ажил, үүргийг зохих хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, чанар муутай хийснээс дахин болон гүйцээн хийх шаардлагатай бол ажиллах хугацааг сунгах ба илүү цагаар ажилласанд тооцохгүй,

6.1.8. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас хожимдсон, ажлын цагаас эрт явсныг ажил тасалсанд тооцно.

6.1.9.Ажлын байрнаас гадагш албан үүрэг гүйцэтгэхдээ шууд харьяалах албан тушаалтанд мэдэгдэж, зөвшөөрөл авах бөгөөд цагийн бүртгэлийг шууд харьяалах албан тушаалтан сар бүр хүний нөөцийн мэргэжилтэнд  цагийн тооцоо хийхээс өмнө хүргүүлсэн байна.

6.1.10. Хүндэтгэх шалтгаангүй  тасалсан цаг болон ажлын цагаас хоцорсон, эрт явсан цаг  минутийг нэгтгэн нэг цагт оногдох хөлсийг тооцож цалингаас суутгана.

6.1.11.Цаг ашиглалтын мэдээг бүртгэл, чөлөөний хуудас, ажлын цагаар гадуур ажилласан ажилчдын бүртгэл, эмнэлгийн магадлагааг үндэслэн  сард хоёр удаа нэгтгэн  гаргана.

6.1.12.Ажилтан нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад амарна.

6.1.13. Олон нийтийн ажил, байгууллагын зохион байгуулалттай үйл ажиллагаанд хүндэтгэх шалтгаанаар оролцоогүй мэргэжилтний нэр, шалтгааныг хэлтсийн дарга нь хүний нөөцийн мэргэжилтэнд  бичгээр заавал хүргүүлсэн байна.

6.1.14. Үндсэн ажилтан ажиллаж байх хугацаандаа жирэмсэлсэн тохиолдолд хөдөлмөрийн хуулийн дагуу жирэмсний амралтыг олгоно.

6.1.15. Гэрээт ажилтанд жирэмсний амралт болон хүүхэд харах чөлөө олгогдохгүй.

6.2. Цалингүй чөлөө олгох.

            6.2.1.  Тодорхой шалтгааны улмаас ажлын 5 өдрөөс дээш хугацаанд чөлөө авах тохиолдолд захирал тушаал гаргаж, чөлөө олгоно.

6.2.2. Тухайн ажлын жилд нийт 1 сар болон түүнээс дээш  хугацаагаар чөлөө авсан ажилтанд (анх олгосон чөлөөний хугацаа, эсхүл авсан чөлөөнүүдийн  нийлбэрээр) арван нэгэн сар тасралтгүй ажилласны дараа дахин чөлөө авах эрх үүснэ.

6.3 Цалинтай чөлөө олгох.

6.3.1. Ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүлд тохиолдсон гачигдал, бусад хүндэтгэх шалтгааны улмаас ажилтны бичгээр гаргасан хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн Захирал, хэлтсийн дарга цалинтай чөлөө олгоно.Үүнд:

6.3.2. Хэлтсийн дарга 8 цаг хүртэл.

6.3.3. Захирал  ажлын 1-5 хүртэл хоногийн чөлөөг чөлөөний хуудсаар олгоно.

6.3.4. Ажилтны  төрсөн эцэг эх, эхнэр нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү нас барсан тохиолдолд буяны ажилд оролцоход нь зориулж хотод ажлын 5 (тав), хөдөө орон нутагт хуанлийн 7 (долоо) хоногийн хугацаатай чөлөө олгоно.

6.3.5. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гал түймэр, үер, салхи, шуурга, газар хөдлөлтөд гэр, орон сууц, байр дахин сэргээгдэх боломжгүйгээр сүйдсэн  бол 14 хоногийн  хугацаатай цалинтай чөлөө олгоно.

6.3.6. Ажилтны эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхэд хүндээр өвдөж, дотоодод  шинжилгээ, оношлогоо, эмчилгээ  хийлгэхэд нь зориулж 5 хоног, ажилтан өөрөө хүндээр өвдөж, дотоодод ажлын 10 хоног, гадаад улсад  шинжилгээ, оношлогоо, эмчилгээ  хийлгэхэд холбогдох материалыг үндэслэн ажлын 22 хүртэлх  хоногийн хугацаатай чөлөө олгоно.

6.3.7. Доктор /Ph.D/, шинжлэх ухааны докторын /Sc.D/ дипломын ажил бичиж хамгаалахад ажлын 5 өдөр хүртэл хугацаатай чөлөө олгоно.

6.3.8. Эхнэр нь амаржсан тохиолдолд эрэгтэй ажилтанд нярай хүүхдээ асрахад нь зориулж ажлын 5 хүртэл хоногийн хугацаатай цалинтай чөлөө олгоно.

6.3.9. Чөлөө авахдаа ажил эхлэхээс 8 цагийн өмнө мэдэгдэж, 2 хувь чөлөөний хуудас үйлдэж, 1 хувийг  хүний нөөцийн мэргэжилтэнд  өгч бүртгүүлнэ.

6.4. Дараах тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгална. Үүнд:

6.4.1. Ээлжийн амралтын хугацаа дуусаагүй,

6.4.2. Эмчийн магадлагаагаар чөлөө авсан буюу чөлөөний хугацаа хүчинтэй байгаа хугацаанд,

6.4.3. Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хугацаанд,

6.4.4.Цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал, цэргийн алба хаах хугацаа болон  алба хааж дууссан өдрөөс хойш хуанлийн 7 хоног хүртэл хугацаанд,

6.4.5. Төвийн шаардлагаар гадаад, дотоодод сургалтанд хамрагдах хугацаанд,         6.4.6. Төвийн хүний хөгжлийн төлөвлөгөөний дагуу өөрийгөө хөгжүүлж мэргэжил эзэмшиж эргэн ажиллахаар гэрээ хийсэн мэргэжилтэн, ажилтанд гэрээний хугацаанд ажлын байрыг нь хадгална.

6.5.Ээлжийн амралт олгох.

6.5.1. Ээлжийн амралтыг эдлүүлэхдээ амралтын хугацаа болон олгох олговрын хэмжээг Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ыг тус тус удирдлага болгон тогтооно.

6.5.2.Ажилтны ээлжийн амралтаа авах саналыг төвийн хэвийн үйл ажиллагааг хангах шаардлага зэргийг харгалдан жил бүрийн нэгдүгээр сард  багтаан ээлжийн амралтын хуваарийг Захирлын тушаалаар батална.

6.5.3.Ээлжийн амралтын хуваарь батлагдсаны дараа төвийн болон хувийн зайлшгүй шаардлагаар  хуваарийг өөрчлөхөөр бол Захирлын тушаалд өөрчлөлт оруулна.

6.5.4.Тус төвд шинээр ажилд орсон ажилтан тасралтгүй арван нэгэн сараас доошгүй хугацаанд тасралтгүй ажилласны дараа ээлжийн амралт эдлэх эрхтэй болно.

6.5.5.Өмнөх жилийн ээлжийн амралт эдэлж дууссан өдрөөс хойш зургаан сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсний  дараа жилийн ээлжийн амралт эдлэх эрх үүснэ.

6.5.6.Урт хугацааны захиргааны чөлөө болон жирэмсний амралттай байсан үндсэн ажилтан ажилдаа эргэн орсноос хойш тасралтгүй зургаан сар ажилласны дараа тухайн жилийн ээлжийн амралт эдлэх эрх үүснэ.

6.5.7.Ажилтан ээлжийн амралтаа тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэхийг хүсвэл ажил олгогч түүний хүсэлтийг харгалзан үзэх ба амралт эхлэхээс ажлын 10 хоногийн өмнө Захиралд урьдчилан  бичгээр мэдэгдсэн байна.

6.5.8. Ээлжийн амралт эхлэх өдрөөс 3 хоногийн өмнө “Ээлжийн амралт эдлэх тухай мэдэгдэл”-ийг Хүний нөөцийн мэргэжилтэн тухайн ажилтанд бичгээр мэдэгдсэн байна.

6.5.9. Ажилтан нь тухайн жилдээ ээлжийн амралтыг бүрэн эдэлж дуусгаснаар   ажилдаа хугацаандаа орсон байна.

6.5.10. Төвийн зайлшгүй шаардлагаар тухайн жилдээ ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд нэг сарын үндсэн цалинг 1,5 дахин бодож олгоно.

6.5.11. Ажилтан чөлөөний хугацаа, ээлжийн амралт дууссан өдрөөс хойш огт мэдэгдэлгүйгээр ажилдаа ирээгүй бол ажил тасалсанд тооцно.

6.5.12. Тайлангийн хугацаанд чөлөөтэй болон ээлжийн амралттай байгаа албан хаагч амралтаа зохицуулж, төвийн болон ажлын шаардлагаар гаргах мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгнө.

                             ДОЛОО. Цалин, нэмэгдэл хөлс, олговор,

                         мөнгөн урамшУУЛАЛ, тэтгэмж олгох талаар              

7.1. Ажилтны цалин хөлсийг сард хоёр удаа ажлын цагийн бүртгэлийг үндэслэн сар бүр цалингийн дансанд шилжүүлж олгоно. Шаардлагатай гэж үзвэл олгосон цалин, хөлс, нэмэгдэл, суутгалын талаарх мэдээллийг төвийн санхүүгээс харж болно.

7.2. Ажилтанд хоол, унааны мөнгийг ажлын өдөрт 4000 /дөрвөн мянган/ төгрөгөөр тооцож сард нэг удаа олгоно.

7.3. Цалин хөлснөөс суутгал хийхдээ Монгол улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн тооцно.

7.4. Ажилтны ажлын гүйцэтгэлийг улирал, жилээр дүгнэж, жилд нэг удаа үр дүнгийн урамшуулал олгоно.

              7.5. Дараахь тохиолдолд үр дүнгийн урамшуулал олгохгүй. Үүнд:

7.5.1.Сахилгын шийтгэл ногдуулснаас 6 сарын хугацааны дотор,

7.5.2. Ажлаас хоцорсон, эрт явсан  цаг, минутын  нийлбэр 3  цаг хүрсэн,

7.5.3. Хүндэтгэх шалтгаангүйгээр  нийтийн арга хэмжээг 1 удаа тасалсан,

7.5.4. Тухайн сардаа  ямар нэг шалтгаанаар ажлын 5 хоногийн хугацаатай ажиллаагүй тохиолдолд.

  7.6. Ажилтанд тэтгэмж олгох

7.6.1. Төвийн үндсэн ажилтанд тэтгэмж авах эрх үүснэ.

7.6.2. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 болон 40 дүгээр зүйлийн 40.1.1 40.1.2. 40.1.3-т тус тус заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, 3-аас доошгүй жил үндсэн ажилтнаар ажилласан  ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар 1-5 сар хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх  хэмжээний тэтгэмж олгоно.

7.6.2.1 1-4 жил ажилласан бол 1 сарын тэтгэмж

7.6.2.2 5-8 жил ажилласан бол 2 сарын тэтгэмж

7.6.2.3  9-12 жил ажилласан бол 3 сарын тэтгэмж

7.6.2.4 12-16 жил ажилласан бол 4 сарын тэтгэмж

7.6.2.5 17-с дээш жил ажиллсан бол 5 сарын тэтгэмж

7.7. Ажилтны эцэг, эх,/эмэг, өвөг/  төрсөн болон үрчилж авсан хүүхэд, нөхөр, эхнэр, ах, эгч  нас барсан тохиолдолд оршуулгын зардал, тэтгэмж 500,000  төгрөг,

7.8. Ажилтан эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тахир дутуугийн группд орох, гурван сар  буюу түүнээс дээш хугацаагаар эмнэлэгт эмчлүүлэхэд  1,500,000 төгрөг,

7.9. Албан ажлаа хийж явах үедээ осол аваарт орж тахир дутуу болсон ажилтан албан хаагчдад жил бүрийн эхний хагас жилд эмчилгээ сувилгаанд зориулж 250,000 төгрөг олгох,

7.10. Байгалийн гэнэтийн аюулаас шалтгаалж гэр оронгүй болох буюу эд материал, сэтгэл санааны хохирол тохиолдолдсон ажилтанд холбогдох байгууллагын акт баримтыг үндэслэн 500,000 төгрөг,

7.11. Эмэгтэй ажилтан хүүхэд төрүүлсэн, ажилтан шинэ хүүхэдтэй болсон тохиолдолд 200,000 төгрөг,

7.12. Ажилтан анх удаа гэр бүл болсон бол 500,000 төгрөг тус тус олгоно.

 найм. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага

8.1. Зөрчил гаргасан, давтан гаргасан болон тухайн зөрчлийн хор холбогдол нөлөөллийг харгалзан Захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна.Үүнд:

8.1.1. Сануулах,

8.1.2. Үндсэн цалинг 20% хүртэл 1-3 сарын хугацаатайгаар бууруулах,

8.1.3.Ажлаас халах,

8.2.Сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг ажилтны хувийн хэрэгт хавсаргаж, шаардлагатай гэж үзвэл хамт олонд нь мэдээллэнэ.

ес. Шагнал, урамшуулал

9.1. Монгол Улсын хууль, холбогдох тогтоол, журам, дүрмийн дагуу ажилчдыг Засгийн газрын болон төрийн одон медаль, бусад салбарын төрийн болон төрийн бус байгууллагын шагналд тодорхойлно. Үүнд:

9.1.1. Төрийн одон, медаль

9.1.2. Салбарын тэргүүний ажилчин

9.1.3. Салбарын хүндэт жуух бичиг

9.1.4. Хөдөлмөрийн аварга

9.1.5 Хүндэт дэвтэрт бичих зэргээр тодорхойлно.

9.2. Төвөөс болон бусад байгууллагаас олгох шагналыг тодорхой баярын өдрүүдэд олгоно.Үүнд:

9.2.1. Үндэсний баяр наадам

9.2.2. Эрдэм шинжилгээний ажилтны өдөр

9.2.3. Салбарын ажилчдын баярын өдөр

9.2.4.Шинэ жил

9.2.5.Монголын уламжлалт сар шинийн баяраар олгоно.

9.3. Төвийн үйл ажиллагаанд шинэ санаа, арга аргачлал нэвтрүүлснээр доорхи үр дүнд хүрсэн бол мөнгөн урамшуулал олгоно. Үүнд:

9.3.1. Шинэ туршлага, санаачлага нэвтрүүлсэн,

9.3.2. Зардал төсөв хэмнэсэн,

9.3.3. Судалгаа, шинжилгээг үндэслэн төвийн дотоод үйл ажиллагааны менежментийг сайжруулсан ажилд /ажилтан тус бүрт/ олгоно.

9.3.4. Урлаг спортын тэмцээн уралдаан, онол практикийн хуралд амжилттай оролцож байр эзэлсэн, төвийн нэр хүндийг өндөрт өргөсөн ажилчдыг цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар урамшуулж шагнана.

9.3.5. Жил бүр ажлаа  “А” дүгнүүлсэн бол

арав. хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх

10.1.Ажил олгогч,  ажилтны хөдөлмөрийн харилцааны маргааныг Хөдөлмөрийн тухай хууль, холбогпох Монгол улсын хууль, тогтоомж,  төвийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.

10.2.   Хэрэв  тус журмын 10.1-д зааснаар шийдвэрлэх боломжгүй тохиолдолд талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

10.3.Талууд харилцан тохиролцож шийдвэрт хүрэхгүй бол хөдөлмөрийн маргаан таслах комиссод хандаж,  Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв.

Харилцагч байгууллагууд

© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.