Манай улс 1.711,73 мян. га хадлангийн талбайтай бөгөөд 2019 оны байдлаар 1,369.20 мян.тн хадлан бэлтгэн авсан. Зун, намрын улиралд байгалийн хадлан бэлтгэж өвөл, хаврын цагт хэрэглэх бүрэн боломжтой.
Бэлчээр хадлангийн талбайд ургадаг буурцаг ургамал шар, хөх хүцэнгэ, хиаг, нарийн хялгана, өлөн зэрэг үет ургамалуудын ургах нөхцлийг бий болгох нь чухал байна. Ойн цоорхой, толгод, модны хаяагаар сөд, таван салаа, тэхийн шээг, тарваган шийр, дэгд, цээнэ, үхэр, хонин улаалзгана, мойл, хад, анис зэрэг жимснүүд хур тунадас сайтай жилд сайн ургадаг. 33.8 мянган га ойн 60 гаруй хувийг нарс, 30 орчим хувийг улиас 10 хувь орчмыг бусад мод болон бутлаг ургамалууд эзэлдэг. Суманд газар тариалан эрхлэх үйл ажиллагаа идэвхжсэнээс хадлан бэлчээрийн талбайн нөөц багадсан, хадлангийн талбайг өнжүүлэхгүй олон жил дараалан хадсан, хаваржаа, зуслан, намаржааны газрын байнга бэлчээрт ашигласнаас бэлчээрийн талхлагдалт буй болж өвс ургамлын бүрэлдэхүүн эрс өөрчлөгдөж байна.
Манай орны нөхцөлд өвөл, хаврын малдаа өгөхөөр улсын хэмжээнд бэлтгэж буй тэжээлийн 90 гаруй хувийг байгалийн хадлан эзэлдэг учир өвөл, хаврын хатуу цагт мал сүрэгт нэмэгдэл байдлаар өгөх тэжээлийн нөөцийг зун намрын улиралд бэлтгэх шаардлагатай байгаа юм.
Манай орны хувьд хадлангийн өвс бэлтгэх хэмжээ бүс нутаг, байгаль, цаг уур ургамалжилт, бэлчээрийн доройтол, орон нутгийн онцлогоос шалтгаалж харилцан адилгүй байдаг. Доорхи судалгаанаас аваад үзэхэд улсын хэмжээнд 2017 оноос 2019 онд хадлан бэлтгэлийн хэмжээ жилээс жилд нэмэгдсэн байна. Аймаг, орон нутгаар нь авч үзэхэд Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгууд жилээс жилд нэмэгдэж, Ховд, Баянхонгор, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгууд буурсан үзүүлэлттэй харагдаж байна.
№ Аймгийн нэр
Хадлангийн талбайн хэмжээ /мян.га/ Аймгийн нэр
/Бүсээр/ Хадлан бэлтгэл /мянган.тн/
2017 он 2018 он 2019 он
1 Архангай 53.9 Улсын дүн 1,008.10 1,229.40 1,369.20
2 Баянхонгор 10.4 Баян-Өлгий 57.1 66.4 81.5
3 Баян-Өлгий 11.5 Говь-Алтай 7.6 7.5 8.7
4 Булган 111.9 Завхан 16.2 15.7 18.2
5 Говь-алтай 2.5 Увс 51.1 50.4 64
6 Говь-сүмбэр 7.8 Ховд 65.2 75.7 62.1
7 Дархан-Уул 9 Архангай 64.4 74.5 81
8 Дорнод 811.2 Баянхонгор 15.8 14.6 7.5
9 Дорноговь 0.1 Булган 58.3 88.3 90.2
10 Дундговь 0 Орхон 7.2 8.2 9.2
11 Завхан 7.7 Өвөрхангай 32.6 38.3 52.8
12 Орхон 1.4 Хөвсгөл 130.3 209.9 270.2
13 Өвөрхангай 6.6 Говьсүмбэр 3 4.4 2.1
14 Өмнөговь 0.03 Дархан-Уул 47.4 49.1 32.8
15 Сүхбаатар 79.1 Дорноговь 5.4 5.8 7.8
16 Сэлэнгэ 123.4 Дундговь 1.1 1.8 7.3
17 Төв 61 Өмнөговь 5.6 7.6 7.2
18 Увс 16.8 Сэлэнгэ 131.5 159.9 199.3
19 Ховд 17.7 Төв 71.7 94.4 85.7
20 Хөвсгөл 48.2 Дорнод 62.6 74.5 106.8
21 Хэнтий 326 Сүхбаатар 27.9 15 16.5
22 Улаанбаатар 5.5 Хэнтий 118.2 138.1 128.2
Нийт дүн 1711.73
Иймд аймаг малчдыг зохион байгулалтанд оруулж бүлэг, хоршоонд нэгдэх зарчмаар бэлчээр сайжруулах, хамгаалах, хадлан, тэжээл бэлтгэх зэрэг олон ажлыг хамтын хөдөлмөрөөр хийх илүү ач холбогдолтой, үр дүнтэй юм.
ХАДЛАН БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ
Хадлангийн өвс хадах зохистой хугацаа
Шимт чанар сайтай арвин өвс бэлтгэхийн тулд ногоон ургамлыг зохистой хугацаанд нь хадвал зохино. Ногоон ургамлыг аль болохоор ургац арвин, шингэц, шимт чанар сайтай үед нь хадах хэрэгтэй. Хадлан хадах зохистой хугацаа нь ургамлын төрөл, ургалтын үе шатнаас хамаарч харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Үет ургамал зонхилсон хадланг түрүүлэлтийн үед буурцагт ургамал зонхилсон бол бундуулалт, цэцэглэлтийн эхэн үед хадах нь тохиромжтой. Энэ үе нь манай орны нөхцөлд 7 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 20-ны хооронд бэлтгэх зүйтэй.7 сард хадсан 1кг 0,57 тэж.нэгж, 90гр уурагтай байхад, 8-р сарын дундуур хадсан 1кг өвс 0.46 тэж.нэгж, 42 гр уурагтай байна. Дээрх хугацаанаас эрт хадвал ургац бага, оройтуулж хадвал өвсний шингэц, шимт чанар буурдаг онцлогтой. Иймд өвс бэлтгэх ажлыг7-р сарын 15-нас 9-р сарын эх хүртэл 45-50 хоногт багтаан явуулах нь ашигтай.
Өвс бэлтгэх технологи
Манай оронд өвсийг задгай болон боох 2 аргаар бэлтгэдэг. Улсын фондод, хэрэглэгчээс алс зайтай газар бэлтгэсэн өвсийг боох аргаар, аж ахуйн дотоодын хэрэгцээний өвсийг голдуу задгайгаар бэлтгэдэг. Өвс бэлтгэх техонологийг доорх хувилбаруудыг ашиглаж болно.
Өвс хадах өндөр
Ахиу ургац авах, газрыг зөв ашиглах, ургамалын нөхөн ургах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ургамлын зохистой өндөрт нь хадах учиртай. Хадах өндөр нь хадлангийн төрөл, газрын гадарга, талбайн цэвэршилт зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Уулын нуга, хээрийн тэгш гадаргуутай талбайд 4-5 см ургац сийрэг, гадаргуу тэгш бус талабайд газрын гадаргаас дээш 5-7 см өндөрт хадна. Хадах өндрийг 1-2 см-ээр нэмэгдүүлэхэд авах өвсний хэмжээ 10-15 хувиар буурдаг. Ургамлыг аль болохоор дэл далан үлдээхүй бүрэн хадвал зохино. Үүний тулд хадуурийн ир хурц, хадах хурд жигд байх хэрэгтэй.
Тармах
Хадсанаас хойш мөрлөж тармах хугацаа нь тухайн орон нутгийн байгаль цаг уурын онцлог, хадлан бэлтгэх хугацаа, ургамлын төрлөөс хамаарч янз бүр байна. Хадсанаас хойш 5-7 цагийн дараа, 35-45%-ийн чийгтэй байхад нь тармана. Тармах ажиллагааг хадсан чиглэлийн хөндлөн талаас нь ногооны өтгөн шингэнд тохируулан аль болохоор хурдан хатахуйцаар сэвсгэр мөрлөж тармана. Ташуу тармахад өвсний хаягдал хадалтын дагуу тармаснаас 20-30% багасна. Хээр, говийн бүс болон үет нарийн өвс зонхиолсон хадлангийн ногооны чийг 8-р сард 55-65% илүүгүй үед хадах, тармах ажиллагааг зэрэг хийж болно.
Бухалдах
Бухлыг аль болхоор шовх оройтой, цомцгор өндөр хормойгоороо хумьсан байх хэрэгтэй. Ингэж хийсэн бухал бороонд норж мууддаггүй. Бухлын суурийн голч 1-1,5 м өндөр нь 2 м-ээс доошгүй байвал зохино. Бухлыг мориор ирэх бол 75-100 кг-аар хийдэг.
Задгай өвс нуруулдах нуруулдах
Өвсийг бухалдсанаас хойш цаг агаарын байдлаас (нар,бороо, салхи) хамаарч 2-5 хонуулж хатаасны дараа нуруулдана. Өвсний хэвийн чийг 17-20% байх ёстой бөгөөд ийм чийгтэй өвсийг мушгихад эрч нь эргэн харьж задарна. Бухалдсан өвсийг трактор, машин, техник ашиглан чирэх, ачих аргаар цуглуулж нуруулддаг. Нурууны суурийг бороо хурын ус орохооргүй өндөрлөг тэгш газар салхины ноёлох чиигийг дагуулан уртааш нь тавина. Нурууны уланд нь сүрэл, борог өвс, хуурай мөчир, гишүү зулна. Энэ нь улны өвс чийг авч муудахаас хамгаална. 25% хүртэл чийгтэй өвсөөр нуруу хийхдээ 40-50 см зузаан үе тутамд 3-10 кг жамц давс цацаж муудахаас хамгаалдаг туршлага бий. Нурууг ой хээрийн бүсэд өргөн нь 4 м урт, өндөр нь 5-6 м, урт нь нуруулдах өвсний хэмжээнээс хамаарч 8-10 м-ээс доошгүй байна. Нурууны орой нь аль болохоор хотгор гүдгэргүй бөөрөнхий байвал бороо хурын ус нэвтэрч өвсийг муутгахгүй сайн талтай. Нуруулдсан өвсийг цас борооны усанд угаагдах, салхи, шуурганд хийсэж хорогдохоос хамгаалж модны мөчир, сүрлээр хучина. Нурууг хийснээс хойш 7-10 хоногийн дараа нягтруулах, самнаж шуух, орой нь аль нэг хэсэгтээ хонхойсон, эсвэл хэтэрхий шовойж гүдгэр болсон тохиолдолд засаж янзлах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд төлд өгөх чанар сайтай нарийн өвсийг тусад нь бэлтгэж, бухалдаж хадгалах нь илүү тохиромжтой.
Боох
Өвсийг шахах, хуйлах гэсэн хоёр аргаар бооно. Өвсийг боож бэлтгэж байгаа чийгээс гадна боолтын нягтралыг тохируулах хэрэгтэй. Тэнгэр бүрхэг, өвсний чийг их үед өвсийг 120-150 кг/м/куб нягтралтайгаар сулавтар бооно. Цаг агаар тааламжтай, өвсний чийг хэвийн үед боолтын нягтралыг 160-200кг/м/куб хүртэл ихэсгэнэ.
Боосон өвс нуруулдах
Нурууны эхний үе тууш, дараагийн үеийг хөндлөн тавьж эхлэх ба ийм байдлаар 6 үе өрөөд 7 дахь үеэс шаталсан байдлаар хоёр талаас нь 15-20 орчим см-ээр захаас нь дутуу тавьж оройг 10 орчим боодол өвсөөр тэгшлэн төгсгөнө. Ингэж хийсэн нуруунд 1000 орчим ширхэг боодол өвс ордог. Бороо хуртай боосон өвсийг гүйцэд сэврээхийн тулд ширхэг цонх гаргана. Удаан хадгалах нурууг саравчин дор хийх юм уу, эсвэл задгай газарт оройн хэсгийг задгай өвсөөр хучина. Өвсийг нуруулдсаны дараа нурууны хэмжээ, жин, хийсэн он, сар, өдөр, баг, малчны бүлэг, сумын хаягыг нурууны аль нэг өнцөгт 1,5-2 м өндөрт хатгаж бэхлэнэ. Боосон өвсний хэмжээ 18-25 кг байна.
Өвс хадгалах
Өвсийг тусгай зориулалтын хашаа, саравч, агуулахад хадгалах нь зүйтэй. Өвсний хамгаалалтын хашаанд нуруутай өвснөөс 15м-ээс ойргүй байна. Өвс хадгалах цэг нь галлагаатай гэр, байшингаас 100 м, бензин шатахууны агуулах, уурын зуух, дархны газар, талхны цехээс 150 м-ээс дотогшгүй байх ба нуруу хоорондын зай 20 метрээс ойргүй байна.
Өвсний жинг тодорхойлох
Боож нуруулдсан өвсний жинг тодорхойлохдоо нуруунд орсон нийт боодлын 1 % буюу 100-аас доошгүй боодол өвсийг жинлэх, нэг боодол өвсний дундаж жинг нуруунд байгаа нийт боодлын тоогоор үржүүлж тодорхойлно. Боодолтой өвсийг нурууны сууриас дээш янз бүрийн хэсгээс авна. Нуруулдсан задгай өвсний хэмжээг гаргахад нурууны өргөн /ө/, урт /у/, бөгтрөгийг /б/ хэмжинэ. Өргөн, уртын хэмжээг сууринаас дээш 0,75-1м-ийн өндөрт хэмжинэ. Нурууны эзлэхүүнийг түүний хэлбэрээс шалтгаалан тусгай томьёо ашиглан тодорхойлно.
БАЙГАЛИЙН БЭЛЧЭЭР ХАДЛАНГИЙН ТАЛБАЙГ САЙЖРУУЛАХ АРГА
Бэлчээрийн менежментийн шийдэх хэрэгжүүлэх ёстой нэг асуудал нь бэлчээр, хадлангийн газрыг сайжруулах явдал юм.
Бэлчээр, хадлангийн ургацыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга ажиллагааг тордож сайжруулах, таримал бэлчээр, хадлан бий болгох хэмээн хоёр хуваадаг.
Тордож сайжруулах арга нь услах,бордох, ургамлын үр нэмж тариалах,хөрсийг сийрүүлэх зэргээр ургамал ургах аятай нөхцөл буй болгож, ургацыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Тордож сайжруулах боломжгүй буюу ургамал нь хэт сийрэгжсэн,эсвэл дов сондуул ихтэй газрыг хагалаж нэг, олон наст ургамлын үр тариалан таримал бэлчээр, хадланг бий болгоно.
Энэ хоёр аргын алийг сонгон хэрэглэх нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрэлт хэрэгцээ, шаардлага, техник, үрийн хүрэлцээ зэрэг аж ахуйн бэлтгэлээс шалтгаалах боловч газрын гадарга, хөрсний үржил шим,түүний чийг, ургамлын бүрэлдэхүүн зэргийг бас харгалзан үзвэл зохино.
Бэлчээр, хадланг сайжруулахын өмнө талбайг сайтар судлаад ямар арга илүү тохиромжтойг тогтооно.
Энэ хоёр аргын алийг ч хэрэглэлээ гэсэн талбайгаа урьдчилан бэлтгэх шаардлагатай. Үүний тулд зам харгуйг засаж янзлах, талбайг цэвэрлэх, тэгшлэх ажлыг урьдчилан зайлшгүй гүйцэтгэнэ.
Хадлангийн сэлгээ
Хадлангийн газрыг сэлгэж ашиглахад сэлгээгүй ашигласан хадлангаас бордоогүй нөхцөлд 6.0 ц/ га –аар илүү байжээ. (Цогоо.Д, 1981) Нугын хадланд зонхилох ургамлыг хөгжлийн өөр өөр үе шатанд сэлгэж хадсанаар хадлангийн талбайд янз бүрийн хугацаанд ургах олон зүйл ургамлын өсөлт, биежилтэнд тохиромжтой нөхцлийг бүрдүүлж, ургамалд үрээр үржих бололцоо олгодог.
Жил дараалан өвс ургамлыг хөгжлын нэг үе шатанд хадах нь дараа жилүүдийн ургацанд мэдэгдэхүйц муу нөлөөлөх тул хадах хугацааг жил бүр өөрчлөх шаардлагатай. Энэ асуудлыг хадлангийн сэлгээ нэвтрүүлэх замаар шийдвэрлэж болно.
МАЛЧИН ХҮНИЙ ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛ
1. Өөрийн гэсэн бэлчээр нутагтай болж хууль эрхзүйн хувьд баталгаажуулсан байх,
1. Өөрийн эзэмшлийн буюу байнга нутаглан ашигладаг бэлчээрийг эзний ёсоор харж хамгаалах,
2. Малынхаа тоо толгойг бэлчээрийн даацанд ямагт тохируулж байх,
3. Нэг нутагт удаан сууж бэлчээр талхлах, худаг усны орчмын бэлчээрийг хэт талхлахаас ямагт зайлсхийх,
4. Малтайгаа “ярьж” нутаг бууц сэлгэж чаддаг байх,
5. Отор нүүдэл хийх, цаг хүндэрвэл нүүж очих нөөц нутагтай байх,
6. Худаг ус гаргах, түүний орчны бэлчээрийг хамгаалах,
7. Бусдын бэлчээр, хадлангийн газар ашиглах эрхийг хүндэтгэж сурах,
8. Бэлчээр нутагт тодорхой хуваарь эзэмшилтэй байх нь малын эрүүл мэндэд ч тустай. Элдэв өвчний халдвар авах нөхцөл хязгаарлагдах болно. Бэлчээрийн эрүүл ахуйг эрхэмлэн элдэв төрлийн бохирдлоос хамгаалах явдал юм.
—оОо–
© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.