Хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж, хэрэглэгчдийн сонгон хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний нэр, төрөл жилээс жилд нэмэгдэж, хүртээмж сайжирч, хэрэглэгчдийн худалдан авах чадвар сайжирсаар байна. Өмнө нь хүнсний бүтээгдэхүүний шим тэжээллэг байдал, шимэгдэлтэнд анхаарал хандуулж судалдаг байсан бол одоо тухайн хүнсний боловсруулалтын түвшин ба эрүүл мэндэд нөлөөлөх байдлын талаар судалгаа чамгүй хийгдэх болсон.
Судлаачдын үзэж байгаагаар төрөл бүрийн арга замаар боловсруулсан хүнсний химийн бүтэц, тэжээллэгийн агууламж, амт нь өөрчлөгддөг байна. Бидний өдөр тутамд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн ямар нэг байдлаар боловсруулалт хийгдсэн байдаг ч боловсруулалтын түвшин харилцан адилгүй байдаг. Сүүлийн жилүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн /NOVA/ аргын дагуу хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулалтын байдлаас хамааруулан дараах байдлаар ангилж үздэг.
• Боловсруулаагүй/бага боловсруулсан хүнс: үйлдвэрийн аргаар боловсруулаагүй эсвэл давс, элсэн чихэр, тос зэрэг нэмэлт агуулаагүй амтьтны болон ургамлын гаралтай хүнс юм. Тухайлбал жимс, ногоо, шинэ болон хөлдөөсөн мах, өндөг, сүү, будаа болон бусад төрлийн үр тариа орно.
• Хоолны боловсруулсан орц: эдгээрт боловсруулаагүй хүнснээс гаргаж авсан орц болох тос, элсэн чихэр эсвэл байгалиас олборлосон давс зэрэг хамаарна. Эдгээр найрлагууд нь ихэвчлэн дангаар бус боловсруулаагүй/ бага боловсруулсан хүнсээр хоол хийх орц болж хэрэглэгддэг.
• Боловсруулсан хүнс: боловсруулаагүй/бага боловсруулсан хүнсийг давс, тос, элсэн чихэр болон бусад орц найрлагатай нэгтгэж үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан хүнс юм. Боловсруулалтын үе шатны төгсгөлд тухайн хүнс анхны төлөв байдлаа хадгалж, танигдахаар байдаг. Тухайлбал лаазалсан жимс, лаазалсан ногоо, давсалсан самар, хатаасан эсвэл утсан мах, бяслаг гэх мэт.
• Хэт боловсруулсан хүнс: олон орц найрлага бүхий үйлдвэрийн аргаар гаргаж авсан шинэ жор бүхий хүнс юм. Эдгээрт чихэрлэг ундаа, жигнэмэг, чипс, зууш, чихэр, зайрмаг, өглөөний бэлэн хоол, түргэн хоол, урьдчилан бэлтгэж хөлдөөсөн хоол зэрэг орно.

Хэт боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байх нь илүүдэл жин, хэт таргалалт, зүрх судасны өвчин, даралт ихсэх зэрэг халдварт бус өвчлөлтэй холбоотой байдаг нь дараах хэд хэдэн шалтгаантай байх магадлалтай.
• Энергийн өндөр агууламж: хэт боловсруулсан бүтээгдэхүүн нь энергийн өндөр агууламжтай, ханасан болон транс тос, элсэн чихэр, содын өндөр агууламжтай байдаг.
• Хэрэглэхэд хялбар: хэт боловсруулсан хүнс идэхэд тааламжтай, нэмэлт ажиллагаа бага шаарддаг учраас хэтрүүлж хэрэглэх магадлал өндөр байдаг байна.
• Биелэг байдал өөрчлөгддөг: Байгалийн гаралтай хүнсийг боловсруулж, биелэг байдлыг нь өөрчилснөөр хүний биед шингэх, шимэгдэх чанар нь өөрчлөгддөг талаар зарим судалгаа дурьдсан байна.
• Хүнсний нэмэлт ашигладаг: Боловсруулсан болон хэт боловсруулсан бүтээгдэхүүнд хадгалалтыг уртасгах, өнгө үзэмж, амт чанар, биелэг байдлыг сайжруулах зорилгоор Е индекстэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг нэмэлтээр хэрэглэдэг.
Бидний өдөр тутмын хэрэглээ болсон хэт боловсруулсан бүтээгдэхүүн нь илүүдэл жин, хэт таргалалт зүрх судасны өвчлөл цаашлаад олон төрлийн өвчлөлийн суурь болж, чимээгүйгээр хөнөөх боломжтойг сануулан, худалдан авч буй хүнсэндээ анхаарал хандуулахыг олон орны судлаачид анхааруулж байна.

Эш татсан:
Ultra-processed Food Intake and Obesity: What Really Matters for Health – Processing or Nutrient Content?
Ultra-processed food consumption and excess weight among US adults, Cambridge University Press, 2018

Харилцагч байгууллагууд

© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.